Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэлхийн өдөр 2021

Хямралыг урьдчилан харж, бэлтгэлтэйгээр даван туулахын тулд ХАБЭА-н тогтолцоог бэхжүүлье!

КОВИД-19 цар тахлын улмаас засгийн газар, ажил олгогчид, ажилчид болон нийт хүн ам урьд өмнө байгаагүй олон янзын бэрхшээлтэй тулгарч байна. Эдгээр нь хөдөлмөрийн ертөнцөд ч олон талаар нөлөөлж байна. Хөдөлмөрийн хүрээнд өрнөж буй үйл явц, туршлага, сургамжид үндэслэн одоогийн төдийгүй ирээдүйд тулгарч болзошгүй хямралыг даван туулах чадавхыг бий болгохын тулд энэ жилийн дэлхийн өдрийн үйл ажиллагааг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд чиглүүлж байна.

2020 оны эхнээс дэлхий нийтийг хямралд хүргэсэн КОВИД-19 цар тахал бүх хүрээнд хүчтэй нөлөө үзүүлж байна. Хөдөлмөрийн хүрээнд ч цар тахал мөн нэгэн адил нөлөөлж байна. Ажлын байранд халдвар тархах эрсдэлээс гадна  вирусийн тархалтыг бууруулахын тулд авч буй арга хэмжээнүүдээс үүдсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шинжтэй шинэ эрсдэлүүд ч бий болж байна. Хөдөлмөр зохион байгуулалтын шинэ хэлбэрт шилжих,  тэр дундаа түгээмэл хэрэглэхээс аргагүй болоод байгаа зайнаас ажиллах зэрэг нь ажилчдад олон боломж олгохын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хувьд сэтгэл санааны хямралд орох, хүчирхийлэлд өртөх зэрэг эрсдэлийг дагуулж байна.

Энэ жилийн дэлхийн өдрөөр ОУХБ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дэмжих тогтолцооны тухай 2006 оны 187 дугаар конвенцод заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцооны бүрдэл хэсгүүдэд анхаарал хандуулж байна. Дэлхийн өдрийн тайланд үндэсний болон аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог бэхжүүлэх, тэр дундаа хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын чухлыг өнөөгийн хямрал нотлон харуулж байгааг тусгасан байна.

ОУХБ энэ жилийн дэлхийн өдрийн хүрээнд ажлын байранд КОВИД-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлд бүс нутаг, улс орны хэмжээнд гарч буй жишээ, туршлагад үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой тогтолцоог бүрдүүлэх, түүнд хөрөнгө оруулахын чухлыг таниулах, яриа хэлэлцүүлэг өрнүүлэхийг дэмжин ажиллаж байна.