Дэлхийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн 2023 оны чиг хандлага

Эдийн засгийн өсөлт саарч, ажлын байрны чанар муудах эрсдэл нүүрлэж байна

ОУХБ-ын Дэлхийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн 2023 оны чиг хандлага судалгааны тайланд хөдөлмөр эрхлэлтийн түвшин төдийлөн нэмэгдэхгүй төдийгүй ажлын байрны чанар муудаж, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх асуудал удаашрах хандлагатай байгааг тэмдэглэлээ.

Press release | 16 January 2023

ЖЕНЕВ ХОТ (ОУХБ-ын мэдээ) – Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын шинэ тайланд дурдсанаар эдийн засгийн өсөлт удааширч, баталгаагүй, чанар муутай, цалин бага, нийгмийн хамгаалалд хамрагдах боломжгүй нөхцөлөөр хөдөлмөр эрхлэхэд хүрч болзошгүй бөгөөд Ковид-19-ийн хямралаас шалтгаалан тэгш бус байдал улам гүнзгийрч, цааш даамжрах хандлага харагдаж байна.

ОУХБ-ын Дэлхийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн 2023 оны чиг хандлага судалгааны тооцооллоор 2023 онд дэлхийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин дөнгөж нэг хувиар өсөх хандлагатай бөгөөд энэ нь 2022 оны өсөлтийн тал хувьд ч хүрэхгүй байна. Дэлхийд ажилгүйдлийн түвшин 5.8 хувь бөгөөд 2023 онд ойролцоогоор 3 сая хүнээр нэмэгдэж 208 саяд хүрэх төлөвтэй. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин ийм бага хувиар өснө гэж төсөөлсөн нь өндөр орлоготой орнуудын хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт хязгаарлагдмал байгаатай ихээхэн холбоотой. Энэ нь 2020-2022 онд дэлхийн ажилгүйдлийн түвшин буурч байсан нааштай хандлагыг эргүүллээ. Өнөөдөр дэлхийн ажилгүйдлийн түвшин хямралын өмнөх буюу 2019 оны түвшнээс даруй 16 саяар их байна.

Тус тайланд ажилгүйдлээс гадна “ажлын байрны чанарт онцгой анхаарах” нь “зохистой хөдөлмөрийг дэмжиж нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх үндсэн нөхцөл” байх болно гэдгийг онцолжээ. Ковид-19-ийн хямрал нь өмнөх арван жилийн ядуурлыг бууруулсан амжилтыг үгүй хийв. Мөн хөдөлмөр эрхлэлт түвшин 2021 оныхтой харьцуулахад бага зэрэг нэмэгдэж эхэлж байгаа хэдий ч чанартай хөдөлмөр эрхлэх боломж хомсдолтой хэвээр байгааг судалгаа харуулж байна.

Эдийн засаг удааширснаар олон хүн чанар муутай ажилд орж, цөөн цагаар цалин багатай ажил эрхлэхээс аргагүй байдалд хүрч байна. Үүгээр зогсохгүй бараа бүтээгдэхүүний үнэ хөдөлмөрийн бодит орлогын өсөлтөөс илүү өндөр байгаа нь амьжиргааны өртөг нэмэгдэн ядууралд өртөх
эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. Энэхүү нөхцөл байдал нь Ковид-19-ийн хямралд өртөж орлогоо алдсан хүмүүст, ялангуяа хөгжиж буй орны хүн амд улам хүндээр тусч байна.

Нэг талаас ажил байвч, нөгөө талд ажиллах хүч байхгүй байгаа нь ажлын байрны хомсдолын нэг хэлбэр юм. Үүнд ажилгүйчүүдээс гадна ажиллах хүсэлтэй хэдий ч ажил хайсаар байгаад шантарсан, эсхүл ойр дотнын хүмүүсээ асрах үүрэг хүлээсэн учраас ажил идэвхтэй хайдаггүй хүмүүсийг хамруулжээ. Дэлхийн ажлын байрны хомсдол 2022 онд 473 сая байгаа нь 2019 оныхтой харьцуулахад даруй 33 саяар их байна.
 
© xavierarnau

Инфляц нэмэгдэж, эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн зах зээлийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж байна.

Дэлхийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн 2023 оны чиг хандлага судалгааны тайланд дурдсанаар хөдөлмөрийн зах зээлийн хямралд дэлхийн геополитикийн хурцадмал байдал, Украин улсад болж буй сөргөлдөөн, цар тахлын хямралыг даван туулах тэгш бус байдал, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд үргэлжилж буй хямрал ихээхэн нөлөөлж байна. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан стагфляц буюу инфляц улам бүр нэмэгдэн, эдийн засгийн өсөлт удааширч байгаа дүр зураг 1970 оноос хойш анх удаа ажиглагдлаа.

Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо тун тааруу байна. Дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 2022 онд 47.4 хувь, эрэгтэйчүүдийнх 72.3 хувь байгаа нь 24.9 хувийн зөрүүтэй байгаа бөгөөд эдийн засгийн идэвхгүй нэг эрэгтэйд хоёр эмэгтэй ногдож байна гэсэн үг юм.

15-24 насны залуучуудын хувьд зохистой ажлын байр олж, түүнийгээ хадгалахад маш хүнд байна. Тэдний ажилгүйдлийн түвшин насанд хүрсэн хүмүүсийнхээс гурав дахин өндөр. Нийт залуучуудын тавны нэгээс илүү буюу 23.5 хувь нь ажил эрхлээгүй, боловсрол, сургалтад хамрагдаагүй байна.

Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх маш тодорхой бөгөөд яаралтай хэрэгцээ байна. Тулгарч буй бэрхшээлийг даван туулахын тулд бид нийгмийн шинэ яриа хэлэлцээг дэлхийн хэмжээнд өрнүүлж, хамтран ажиллах шаардлагатай."

ОУХБ-ын Ерөнхий захирал Жилбер Унгбо
ОУХБ-ын Ерөнхий захирал Жилбер Унгбо хэлэхдээ “зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх маш тодорхой бөгөөд яаралтай хэрэгцээ байна” гээд, “Тулгарч буй бэрхшээлийг даван туулахын тулд бид нийгмийн шинэ яриа хэлэлцээг дэлхийн хэмжээнд өрнүүлж, хамтран ажиллах шаардлагатай байна. Хамтран бие биеэ дэмжиж, шаардлагатай бодлого боловсруулан хэрэгжүүлэх замаар хөдөлмөрийн ирээдүйд бэлэн байхын тулд Нийгмийн шударга ёсны төлөөх дэлхийн эвсэл байгуулах компанит ажлыг эхлүүлж байна”.

ОУХБ-ын Судалгааны газрын захирал Ричард Саманс нь энэхүү судалгааны тайланг боловсруулах ажлыг удирдсан бөгөөд тэрээр “Дэлхийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин маш аажуу нэмэгдэж байгаа нөхцөл байдлаас харахад Ковид-19 хямрал 2025 онд ч арилах төлөвгүй харагдаж байна. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт удааширч байгааг мөн онцлон анхаарах хэрэгтэй. Учир нь хүмүүсийн худалдан авах чадвар, экологийн тогтвортой байдал, хүний сайн сайхан аж байдалтай холбоотой хямралыг шийдвэрлэхэд хөдөлмөрийн бүтээмж чухал ач холбогдолтой юм” гэжээ.

Хөдөлмөрийн зах зээлийн 2023 оны төлөв байдал бүс нутаг бүрд өөр өөр байна.

Африк, Арабын орнуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин гурав болон түүнээс илүү хувьтай өсөхөөр харагдаж байна. Гэсэн хэдий ч хөдөлмөр эрхлэх насны хүн амын өсөлттэй нь харьцуулбал тус хоёр бүс нутагт ажилгүйдлийн түвшин маш багаар буурах төлөвтэй. Ажилгүйдлийн түвшин Африкт 7.4-ээс 7.3 хувь хүртэл, Арабын орнуудад 8.5-аас 8.2 хувь хүртэл буурах нь.

Ази, Номхон далай, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад хөдөлмөр эрхлэлтийн түвшин ойролцоогоор нэг хувиар өсөх байх гэж төсөөлж байна. Хойд Америкт 2023 онд хөдөлмөр эрхлэлтийн түвшин маш бага, эсвэл огт өсөхгүй байх хандлагатай бөгөөд ажилгүйдэл нэмэгдэнэ гэж тайланд дурдсан байна.

Украин дахь сөргөлдөөн ялангуяа Европ, Төв Азийн орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд 2023 онд хөдөлмөр эрхлэлтийн түвшин буурч, ажилгүйдлийн түвшин бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь хөдөлмөрийн насны хүн ам төдийлөн нэмэгдэхгүй байгаатай холбоотой.