2022 оны Ази, Номхон далайн бүс нутгийн хөдөлмөр эрхлэлт ба нийгмийн хэтийн төлөв

Ази, Номхон далайн орнуудад ажлын байр бага зэрэг сэргэж байгаа ч ирээдүйн өсөлтийн төлөв сөрөг хэвээр байна

Ази, Номхон далайн бүсийн хөдөлмөрийн зах зээл хямралын өмнөх байдалд хараахан эргэж ороогүй байгаа бөгөөд ажилчдын дийлэнх хувь нь ажилладаг салбаруудад зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлагатай байгаа нь тодорхой.

Press release | 29 November 2022
@ ILO
БАНГКОК ХОТ (ОУХБ-ын мэдээ) - Ази, Номхон далайн бүсийн хөдөлмөрийн зах зээл Ковид-19 цар тахлын үр нөлөөнөөс хэсэгчлэн сэргэж байгаа ч бүрэн гарч чадаагүй нь 2023 он хүртэл нөхцөл байдал хүнд хэвээр байгаатай холбоотой юм.

2022 он гэхэд хүн төвтэй хөдөлмөрийн салбарын стратегийг дахин эргэцүүлэн бодох нь сэдэвт Ази, Номхон далайн бүс нутгийн хөдөлмөр эрхлэлт ба нийгмийн хэтийн төлөв тайланд
дурдсанаар 2022 онд Ази, Номхон далайн бүс нутагт хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт 2019 оны хямралын өмнөх түвшнээс 2.0 хувиар өсөж, 2020 онд 57 сая гаруй ажлын байрыг алдаж байсан нөхцөл байдлаас сэргэж буйг харуулж байгаа хэдий ч бүрэн сэргэж чадаагүй байна.

Тус бүс нутагт 2022 онд 22 сая ажлын байр дутагдалтай буюу цар тахал гараагүйтэй харьцуулахад ажлын байрны зөрүү 1.1 хувьтай болохыг харуулж байна. Дэлхийн болон бүс нутгийн өнөөгийн геополитикийн нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс шалтгаалан энэ тоо 2023 онд 26 сая (1.4 хувь) болж өсөх төлөвтэй байна.

Үүний зэрэгцээ, бүс нутгийн нийт ажлын цаг 2019 оныхоос доогуур хэвээр байгаа бол 2022 онд бүс нутгийн ажилгүйдлийн түвшин 5.2 хувьтай байгаа нь 2019 оныхоос 0.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Дэд бүсүүдийн хэмжээнд 2020 оны хөдөлмөр эрхлэлтийн алдагдлаас 2022 он гэхэд сэргээж, 2019 онытой харьцуулахад хөдөлмөр эрхлэлтийн эерэг өсөлтийг харуулж байгаа хэдий ч энэ нь хүн амын өсөлтийг гүйцэхгүй байна. 2022 онд зөвхөн Номхон далайн орнуудын хүн ам дахь хөдөлмөр эрхлэлтийн харьцаа 2019 оныхоос дээгүүр байв.

“Хэдийгээр Ази, Номхон далайн бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлага эерэг үзүүлэлттэй байгаа ч тус бүс нутгийн хөдөлмөрийн зах зээл хямралын өмнөх түвшинд хараахан хүрээгүйгээс гадна цаашдын өсөлтөд сөргөөр нөлөөлөх нэмэлт сорилтуудтай тулгарахаар байна. Бид бүс нутагтаа хүртээмжтэй, хүн төвтэй өсөлтийг бүрдүүлж, албан бус, чанар муутай ажлын байранд тулгуурласан "хиймэл" сэргэлтээр шийдэхгүй байх нь амин чухал юм" гэж ОУХБ-ын Дэд ерөнхий захирал, Ази Номхон далайн бүсийн захирал хатагтай Чихоко Асада Миякава хэлэв.

Тус тайланд 1991-2021 он хүртэлх 30 жилийн хугацаанд ямар салбар ажлын байрыг бий болгож, аль нь хумигдаж, аль нь “зохистой хөдөлмөрлөх” боломж олгож байгааг онцлон харуулахын тулд бүс нутгийн салбаруудын үнэлгээг анх удаа хийжээ.

Мэдээллийн технологи, мэдээллийн үйлчилгээ нь хөдөлмөр эрхлэлтийн өсөлтөөр бүс нутгийн хамгийн хурдацтай хөгжиж буй салбар боловч 2021 онд энэ салбарт ердөө 9.4 сая хүн ажилласан нь нийт ажил эрхлэлтийн дөнгөж 0.5 хувийг эзэлж байна.

Гэтэл Ази, Номхон далайн бүс нутагт хөдөлмөр эрхлэлтийн хамгийн том гурван салбар: хөдөө аж ахуй, ойн аж ахуй , загас агнуур; үйлдвэрлэл; бөөний болон жижиглэнгийн худалдаа нийлээд 2021 онд 1.1 тэрбум ажилтан буюу бүс нутгийн нийт 1.9 тэрбум ажиллах хүчний 60 хувийг эзэлж байна.

Ажиллах хүч төвлөрсөн салбарууд нь хөдөлмөрийн бүтээмж хязгаарлагдмал, цалин бага, хөдөлмөрийн нөхцөл тааруу, ажил, орлогын баталгаа багатай байдаг. Эдгээр салбарын ихэнх ажилтнуудад нийгмийн хамгаалал байдаггүй, дийлэнх нь албан бус хөдөлмөр эрхэлдэг бөгөөд сүүлийн хэдэн арван жилд олсон орлогоо цар тахлын улмаас алдсан байдаг билээ.

Өндөр өсөлттэй хөдөлмөр эрхлэлтийн эхний арван салбарын нэгээс бусад нь эмэгтэйгээс илүү эрэгтэй ажилтнуудад ашиг тусаа өгч, жендэрийн тэгш бус байдал түгээмэл хэвээр байна. 1991-2021 оны хооронд нэмэгдсэн ажлын байрны 55 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаагийн дийлэнх нь байр, хоолны үйлчилгээний үйл ажиллагаатай холбоотой юм.

“Хагас зууны эдийн засгийн өсөлтийг үл харгалзан, бодит байдал дээр Ази, Номхон далайн бүс нутгийн ихэнх ажилтнууд “Азийн гайхамшиг” гэх салбаруудаас гадуур ажилласан хэвээр байна. Мэдээллийн технологи болон орчин үеийн салбарууд хамгийн их анхаарал татаж болох ч бүс нутагт бодит өсөлт, зохистой хөдөлмөрийг бий болгохыг илүүтэйгээр зорих шаардлагатай. Иймд бүх салбар, ялангуяа дийлэнх хүмүүсийн хөдөлмөрлөж буй салбарт зохистой хөдөлмөр, хүртээмжийг бий болгоход бодлогыг чиглүүлж, төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах нь цаашид тулгарах чухал сорилт юм” гэж тайланг удирдсан ОУХБ-ын ахлах эдийн засагч Сара Элдер хэлэв.