Дэлхийн цалингийн тайлан

Инфляц өсөхийн хэрээр бодит цалин огцом буурдаг талаар ОУХБ-ын тайланд онцолсон байна

Дэлхийн цалингийн тухай ОУХБ-ын сүүлийн тайланд дурдсанаар ядуурал, тэгш бус байдал гүнзгийрч, нийгмийн эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд сайтар боловсруулсан бодлогын арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна.

Press release | 01 December 2022

ЖЕНЕВ ХОТ (ОУХБ-ын мэдээ) - Украйны дайн болон дэлхийн эрчим хүчний хямралаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, хэт инфляцын үр нөлөөгөөр ихэнх улс оронд сарын бодит цалингийн хэмжээ огцом буурахад хүрчээ.
 
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) шинэчилсэн тайланд дурдсанаар, хямралаар дундаж давхаргын худалдан авах чадвар буурснаас гадна үр нөлөө нь ялангуяа бага орлоготой өрхүүдэд хүндээр тусч байгаа ажээ.
 
Инфляц ба ковид-19 цар тахлын цалин хөлс, худалдан авах чадварт үзүүлэх нөлөө сэдэвт 2022-2023 оны Дэлхийн цалингийн тайланд онцолсноор 2022 оны эхний хагаст дэлхийн сарын цалин бодит утгаараа хасах 0.9 хувь болж буурсан нь энэ зуунд анх удаа дэлхийн цалингийн бодит өсөлт сөрөг гарсан үзүүлэлт болов.
 
Их 20-ийн өндөр хөгжилтэй орнуудад 2022 оны эхний хагаст бодит цалин хасах 2.2 хувь болж буурсан үзүүлэлттэй байгаа бол хөгжиж буй Их 20-ийн орнуудын бодит цалин 0.8 хувиар өссөн нь 2019 он буюу ковид-19 цар тахлын өмнөх жилээс 2.6 хувиар бага байна.

Бага цалинтай хүмүүс инфляцад илүү их өртөж байна

Ихэнх улс орны бага орлоготой нийгмийн бүлэгт хамгийн хүндээр туссан ковид-19 цар тахлаас гадна амьжиргааны өртгийн хямралаас болж ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэн цалин, орлогын ихээхэн алдагдал хүлээсээр байна.
 
Тайланд онцолсноор инфляцын өсөлт нь бага орлоготой хүмүүсийн амьжиргааны өртөгт илүү их нөлөө үзүүлж байгаа ажээ. Энэ нь бусад төрлийн бараа бүтээгдэхүүнээс илүү үнийн өсөлттэй байгаа зайлшгүй шаардлагатай бараа, үйлчилгээнд орлогынхоо дийлэнх хувийг зарцуулж байгаатай холбоотой юм.
 
Мөн тус тайланд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг иргэдийн худалдан авах чадвар инфляцаас болж буурч байгааг дурджээ. Тайланд хамрагдсан улс орнуудын үзүүлэлтээс харахад эдгээр асуудлыг шийдэх арга хэмжээг авч байгаа хэдий ч үнийн огцом өсөлт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний бодит үнэ цэнийг хурдтай бууруулж байна.
 

Амьжиргааны түвшнийг хадгалах арга хэмжээ

Судалгаагаар хөлсний ажилтнууд болон тэдний гэр бүлийнхний худалдан авах чадвар, амьжиргааны түвшнийг хадгалахад туслах бодлогын чанартай арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагыг харуулж байна.
 
ОУХБ-ын гишүүн орнуудын 90 хувьд хэрэгжүүлдэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зохих ёсоор тохируулах нь үр дүнтэй арга хэрэгсэл бөгөөд нийгмийн гурван талт хүчтэй яриа хэлэлцээг өрнүүлж, хамтын хэлэлцээрээр дамжуулж хямралын үед цалингийн зохих зохицуулалтыг хийж болох юм.
 
Амьжиргааны өртгийн хямралын өрхүүдэд үзүүлэх нөлөөллийг бууруулах бусад бодлогод тодорхой бүлэгт чиглэсэн арга хэмжээ, тухайлбал, өрхүүдэд тулгарч буй инфляцын дарамт болон инфляцын түвшнийг бууруулах зорилгоор бага орлоготой өрхүүдэд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалдан авахад туслах талон олгох, эсвэл эдгээр барааны нэмэгдэл татварыг бууруулах зэрэг арга хэмжээ багтана.
 

Бид цалингийн шатлалын дунд ба доод хэсэгт байгаа ажилтнуудад онцгой анхаарал хандуулах ёстой. Бодит цалингийн бууралттай тэмцэх нь эдийн засгийн өсөлтийг хадгалахад тусалж, улмаар цар тахлын өмнөх үеийн хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг сэргээхэд тустай юм. Энэ нь бүс нутаг болон улс орнуудын хувьд эдийн засгийн хямралд гүнзгийн өртөх магадлалыг бууруулах үр дүнтэй арга байж болох юм."

гэж тайланг боловсруулагчдын нэг Розалия Васкес-Альварес хэлэв.

Бүс нутгийн ялгаа 

Бүс нутаг болон улс орнуудын мэдээллийг багтаасан тайланд 2022 оны эхний хагаст инфляц өндөр орлоготой орнуудад бага, дунд орлоготой орнуудтай харьцуулахад харьцангуй хурдан өссөнөөр бүс нутгийн бодит цалингийн дараах чиг хандлагыг бий болсныг харуулж байна. Үүнд:
 
  • Хойд Америкт (Канад, АНУ) бодит цалингийн дундаж өсөлт 2021 онд тэг болж, 2022 оны эхний хагаст хасах 3.2 хувь болж буурчээ.
  • Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын бодит цалингийн өсөлт 2021 онд хасах 1.4 хувь, 2022 оны эхний хагаст хасах 1.7 хувь болж буурчээ.
  • Ажлын байрыг хадгалах тогтолцоо, цалингийн татаас нь цар тахлын үед хөдөлмөр эрхлэлт, цалингийн түвшнийг голлон хамгаалж байсан Европын Холбоонд бодит цалингийн өсөлт 2021 онд 1.3 хувь болж, 2022 оны эхний хагаст хасах 2.4 хувь болж буурсан байна.
  • Зүүн Европт бодит цалингийн өсөлт 2020 онд 4.0 хувь, 2021 онд 3.3 хувь болж буурч, 2022 оны эхний хагаст хасах 3.3 хувь болж буурчээ.
  • Ази, Номхон далайн орнуудын бодит цалингийн өсөлт 2021 онд 3.5 хувь болж, 2022 оны эхний хагаст 1.3 хувь болж удааширчээ. Энэхүү үзүүлэлтэд Хятад Улс ороогүй тул - бүс нутагтаа тус улсын эзлэх их жинг харгалзан үзвэл - бодит цалингийн өсөлт хамаагүй бага буюу 2021 онд 0.3, 2022 оны эхний хагаст 0.7 хувиар л өссөн байна.
  • Төв болон Баруун Азийн орнуудын бодит цалингийн өсөлт 2021 онд 12.4 хувиар хүчтэй өссөн бол 2022 оны эхний хагаст 2.5 хувь болж буусан байна.
  • Африкт бодит цалингийн өсөлт 2021 онд хасах 1.4 хувь болж, 2022 оны эхний хагаст хасах 0.5 хувь болж буурсныг тоо баримт харуулж байна.
  • Арабын орнуудын цалингийн түвшнийг урьдчилсан байдлаар таамаглаж байгаа хэдий ч цалингийн өсөлтийг нь 2021 онд 0.5 хувь, 2022 онд 1.2 гэх мэт бага хувиар тооцоолж байна.